You are currently viewing Ирландад ирэхээсээ өмнө эмнэлэгт сайн үзүүлээрэй

Ирландад ирэхээсээ өмнө эмнэлэгт сайн үзүүлээрэй

Монголд багшилж байсан. Дараа нь Банк бус санхүүгийн байгууллагад хэсэг ажилласан. Тэгээд Ирландыг зорин ирсэн Мийгааг та бүхэнтэй уулзуулж байна.

Шинэ улс, орчинд тулгарах бэрхшээл, саад мөн тааламжтай санагдаж буй зүйлсийн тухай түүнтэй чөлөөтэй ярилцлаа. Тэрээр Ирландыг зорих гэж байгаа хүмүүст хандан эмнэлэгт сайн үзүүлж ирэхийг уриалсан юм. Учир нь энэ улсыг зорин ирж буй Монголчуудын ихэнх нь оюутны визтэй, хувийн эрүүл мэндийн даатгалтай байдаг. Хувийн эрүүл мэндийн даатгалаар эмнэлэгт хандахад тэр бүр хөнгөлөлт олдохгүй. Мөнгө төлөөд эмнэлгээр явъя гэвэл зардал асар өндөр. Тиймээс Монголд байхдаа шинжилгээнд бүрэн хамрагдаж, эрүүл мэндээ сайн анхаарах хэрэгтэйг онцолсон юм. Мийгаа Ирландын нийслэл Даблинд ирээд 40 гаруй хонож байгаа ч хоёр ажил олж чаджээ. Тэрээр өглөөгүүр буудалд ажиллаж, өдөр нь хичээлдээ явна. Харин орой нь бааранд ажиллана. Дөнгөж ирсэн хүмүүст ажил олоход тийм ч амар биш гэдгийг мөн хэлж байсан юм. Түүнд Ирландын нийтийн тээврийн үйлчилгээ ихээхэн таалагдаж. Бороо орсны дараа зам дээр ус тогтох үзэгдэл ажиглагдахгүй байгаад олзуурхаж байлаа. Улаанбаатар хотод амьдарч байсан хүн бүрийн танил асуудал даа. Бороо байнга ордог Ирландад зам талбай усанд автана гэж үгүй. Үүнээс гадна Ирландад сурахаар ирэхээр шийдсэн бол олуулаа амьдран гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй ирэхийг Мийгаа мөн анхааруулсан юм. Огт танихгүй хүмүүстэй гэнэт л нэгэн дээвэр доор амьдрах бас тийм ч амар биш байдаг шүү. Мийгаагийн Ирландын талаарх сэтгэгдлийг бүрэн эхээр нь сонсоорой.